Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай.
Элэгний үрэвсэл үүсгэдэг А,В,С,D,Е,G,F,TT гэсэн есөн төрлийн вирус байдаг бөгөөд манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог.
Гепатит В вирусын тархалт
Дэлхийд жилд 700.000 хүн уг өвчнөөр нас бардаг.
Монгол Улсад элэгний B, D вирусийн халдвартай 140 мянган хүн байдаг бөгөөд тус вирус нь элэгний бусад төрлийн вирусээс хамгийн хүнд хэлбэр нь болдог байна.
Халдварлах зам
В вирусын халдвар нь арьс салст гэмтсэн бүхий л замаар халдварлагдах боломжтой. Жишээлбэл, шивээс хийлгэх, сахлын татуурга хамтдаа хэрэглэх, бохир болон ариутгагдаагүй зүү тариур хэрэглэх, бэлгийн замаар гэх мэт халдварлах боломжтой.

Эрүүл хүмүүст В вирусын халдвар дамжвал хоёр хэлбэрээр өвчилдөг.
Нэгдүгээрт: цочмог элэгний үрэвсэл буюу шарлалт, шээс өтгөрч, өтгөн цагаарах, дотор муухайрах, хоолонд дургүйцэх гэх мэт шинж тэмдэг бүхий явагддаг хэлбэрээр илэрч болно.
Хоёрдугаарт,цочмог хэлбэрээр өвдөхгүй, дээрх эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг болон бараг илрэхгүй, зургаан сараас дээш хугацаанд цусанд В вирус илэрвэл элэгний архаг үрэвсэл үүсгэж болно. Архаг үрэвсэл үргэлжилбэл 20-25 жилийн дараа элэгний хатуурал болон хавдарт шилжих өндөр эрсдэлтэй.
Элэгний делта вирусийн үрэвсэл гэж юу вэ?
Элэгний делта үрэвслээр зөвхөн элэгний В вирусийн халдвар тээгчид давхар өвчилдөг.Элэгний Д вирусийн халдвар хэмээн нэрлэдэг.Энэ элэгний Д вирусийн халдварыг үүсгэгч вирусийн генетикийн материал нь рибонуклейний хүчлээс бүтээгддэг. Энэ халдвар нь судсаар тариа хийх үед,цусан бүтээгдэхүүнээр дамжин мөн бэлгийн замаар халдварладаг. Д вирусийн халдвар нь В вирусийн халдвар авахад хамт халдварладаг.Өөрөөр хэлбэл элэгний Д вирус нь В вирустай хамт байж л амьдардаг гэсэн үг.Д вирусийн халдвар авахад нийт хүмүүсийн 95%-д нь энэ вирусээс организм өөрийгөө эсрэг биет үүсгэн цэвэрлэж чаддаг. Ихэнхидээ элэгний В вирусийн халдвар тээгчид Д вирусийн халдвар давхар хадгалж явдаг боловч өвчлөлийн хувьд харьцангуй намжмал байдаг. Гэвч элэгний В вирусийн архаг халдварын үед энэ Д вирус өвчний явцыг муутгахад нөлөөлдөг. Элэгний В вирусийн архаг халдвараар өвчилсөн үед Д вирусийн халдварыг хамт тээх нь элэгний цирроз болох боломжийг маш өндөр болгодог байна. Энэ үед өвчтөнүүдийн гуравны хоёр нь цирроз болж хүндэрдэг байна. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй. Интерфероноор хэдиийгээр эмчилж буй боловч эмчилгээ зогсмогц дахин өвчилдөг. Иймээс элэгний Д вирусийн халдвараас сэргийлэхийн тулд онцын шаардлагагүй үед тариа,шприц хэрэглэхээс ( шивээс ) татгалзах ба бэлгийн аюулгүй харьцаанд орох хэрэгтэй.Шинэ мэндэлж буй хүүхдүүдэд В вирусийн вакцин хийлгэх нь элэгний Д вирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга юм. Учир нь элэгний В вирусийн халдвар аваагүй үед Д вирусийн халдвар авдаггүй байна
В вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийгддэг вэ?
В вирусын халдвартай тохиолдолд эрүүл мэндийн сайдын А-288 буюу В,С,Д вирусын архаг халдвартай үе дэх оношилгоо, эмчилгээний зааврын дагуу эмнэл зүйч эмч нар эмчилгээ хийнэ.Уг зааврын дагуу хийхдээ, элэгний хатууралтай болон хатууралгүй эсэх нь чухал ач холбогдолтой. Монголд В вирусын эсрэг хэд хэдэн эмүүд бүртгэгдсэн байдаг ба тухайлбал энтекавир/викюрь/ бэлдмэлийг эмч мэргэжилтнүүд эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.
Бид яагаад В вирусээс урьдчилан сэргийлэх шаардлагатай вэ?
Элэгний В вирусийн эсрэг вакцин гурван удаагийн тунгаар бүрэн дархлаа тогтдог. Хэрвээ нэг удаа вакцин хийлгээд дархлаа тогтсон бол 10-20 жил хамгаалдаг. Харин В вирусээс хамгаалах тогтолцоо нь 20 жилийн дараа арилсан байх магадлалтай гэж үздэг учраас дахин вакцинжуулалт хийлгэх шаардлагатай. В вирусийг Д нь дагаж халдварладаг учир хэрвээ вакцин хийлгэж В вирусээс бүрэн хамгаалагдсан тохиолдолд Д вирусийн болоод хоёр вирусийн халдвар давхар авахгүй гэсэн үг.
Мөн нэгэнт В, Д вирусээр өвчилсөн тохиолдолд заавал эмчийн хяналтанд орох шаардлагатай. Дараа нь эмчийнхээ заасан хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. В, Д вирусийн гол уршиг нь ямар ч байдлаар хавдар үүсгэж, элэгний хатуурал болох эрсдэлийг дагуулдаг. Вирусийн халдвартай тохиолдолд вирусийн эсрэг эм уусан ч хавдар хэзээ ч илрэх магадлалтай байдаг.
Вирусийн эсрэг эм таван жил уухад хавдар болох магадлалыг зөвхөн 61 хувь хүртэл бууруулдаг.Өөрөөр хэлбэл, вирусийн эсрэг эмчилгээ таван жил хийлгэхэд гурван жилийн өмнө үүсэх байсан хавдрыг дахиад гурван жилийн дараа үүсгэх гэх мэтээр хугацааг нь л уртасгаж өгч байгаа юм.
В вирусын эсрэг вакциныг манай улсын хэмжээнд хэдэн оноос хийж эхэлсэн бэ?
1990 оноос хойш В вирусын эсрэг вакцинжуулалт эхэлсэн.Вакцин хийсний үр дүнд манай улсын 0-5 насны хүүхдүүдийн дундах В вирусын халдвар 0.53 хувьд хүрч буурсан. ХӨСҮТ-ийн тоо мэдээгээр 118 -300 орчим тохиолдол сүүлийн 5 жил бүртгэгдэж байгаа. В вирусын халдваргүй нь шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд В вирусын эсрэг вакцин хийгдэх бөгөөд гурван удаагийн давтан тунгийн дараа вакцины дархлаа 10-15 жилийн хугацаанд тогтоно. Үүнд эхлээд В вирусгүй гэсэн шинжилгээний хариу нэг сарын дотор байх ба эхний нэг дэх тунгаас хойш 45 хоногийн дотор 2 дахь тунгаа, хоёрдахь тунгаас хойш зургаа дахь сардаа 3 дахь тунг хийдэг. Ингэснээр дархлаа бүрэн тогтоно.
–Бид яагаад элгээ хамгаалах шаардлагатай вэ?
Элэг бол хүний биед онцгой чухал үүрэгтэй эрхтэн. Бидний амаар орж байгаа бүх зүйлсийг хоргүйжүүлж, шүүж, дээр нь цусны бүлэгнэлтийн системд болон аминдэм, витамины солилцоог нийлэгжүүлж хангаж байдаг. Мөн бодисын солилцоонд оролцох чухал үүрэгтэй тул бид элэггүйгээр амьд явах боломжгүй.
Тийм учраас нэгдүгээрт, элэгний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Мөн элэг гэмтээдэг эмийн хэрэглээ болон жирэмслэлт зохицуулах эм, шаардлагагүй тохиолдолд антибиотек эм уух, архины хэрэглээг хязгаарлах шаардлагатай байдаг. Хоносон хоол унд, баяр ёслолын үеэр хэрэглэдэг хорхог зэрэг тос ихтэй хоол ундыг архитай хамт хэрэглэсэн тохиолдолд элэгний архаг үрэвсэл сэдрэх боломжтой байдаг.
Та элэгний В вирүсийн үед хэрэглэх эмийн мэдээлэл авахыг хүсвэл энэхүү линк дээр дарна уу.